Хамаг Монгол

Засаг захиргааны зохион байгуулалт


Чингис хаан Их Монгол улсыг байгуулаад юуны өмнө төр захиргааны болон цэргийн зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлжээ. Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан цэрэг, иргэний шинж бүхий олон шатны зэрэг дэвт, засаг захиргааны зохион байгуулалтай болов. Энэ нь аливаа асуудлыг чирэгдүүлэлгүй, шуурхай шийдвэрлэхэд чиглэгдэж байсан юм.

Их Монгол улсын төрийн бүх дээд эрхийг баригч нь Чингис хаан байв. Монгол улсын газар нутаг, харъяат иргэд бүгд Их хааны өмч байсан. Монголчууд Их хаадыг тэнгэр язгуурт хэмээн өргөмжлөн хүндэлж, хууль зарлигийг нь ёсчлон гүйцэтгэж байлаа. Хаан төрийг үе залгамжлан захирах бөгөөд Их хааны нэр заан гэрээслэсэн хүнийг их хуралдайгаар баталгаажууж хаан өргөмжилдөг байв.

Хаан өргөмжлөх, харь оронтой найрамдах, дайтах зэрэг төрийн онц чухал хэргийг Их хуралдайгаар шийдэж байжээ, Тиймээс хуралдай нь төрийн дээд шийдвэр гаргах байгууллага болж байв. Их хуралдайд алтан ургийнхан, төрийн түшээд, гавьяатан сайдууд, бичгийн мэргэд, өрлөг жанжид оролцоно. Асуудлыг олонхийг саналаар голчтой шийдэж байснаараа ардчилсан шинжтэй. Тиймээс Их хуралдайг өнөөгийн парлөментын анхны хэлбэр гэж судлаачид үздэг.

Төрийн хэргийг хөтлөн явуулахад Сэцдийн зөвлөл чухал үүрэгтэй. Сэцдийн зөвлөл нь алсын хараатай, зөв мэргэн төрийн бодлого боловсруулахад нөлөөтэй байжээ. Чингис хааны байгуулсан Сэцдийн зөвлөлд олон орны бичгийн мэргэд багтаж байсан нь дэлхийн хэмжээний төрийн бодлого явуулахад ач тусаа үзүүлжээ.

Их хааны томилсон төрийн шадар сайд гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлнэ. Их Монголын улсын анхны шадар сайд Го ван Мухулай байлаа. Монгол улсын өдөр тутмын хэргийг шадар сайд удирдан явуулж өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн онц чухал тулгамдсан асуудлыг Их хаан болон Их хуралдайгаар шийдвэрлүүлдэг журамтай байв.

Улс орны нийгмийн амьдралын олон асуудлыг шийдвэрлэх Их заргач чухал үүрэг гүйцэтгэж байв. Чингис хааны анхны Их заргач нь Шихихутаг байв.

Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль нь “Их засаг ” байв. Уг хууль бидний үед бүрэн эхээрээ уламжлагдан ирсэнгүй. “Их засагт”-т хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн ба иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ.

Төрийн хэргийг явуулахад чухал үүрэгтэй хүний нэг нь Төрийн бэхи байв. Төрийн бэхи нь цагаан морь унаж, цагаан хувцас өмсч, Их хуралдайг хуралдуулах, хаан өргөмжлөх, аян дайнд мордох зэрэг төрийн чухал үйл хэрэг өлзийт өдрийг сонгон цаг, зүг чигийг зааж өгөх үүрэг хүлээнэ. Төрийн анхны бэхи нь Усун өвгөн байв.

Их Монгол улсын төрийн гол шүтлэг нь бөө мөргөл. Олонд алдартай Хөхөчү бөө буюу Тэв тэнгэр нь хааны итгэлийг олж бусад зайран удганаас дээгүүр байр суурь эзэлж байжээ.

Их Монгол улсыг байгуулахад амь хайргүй зүтгэсэн Чингис хааны онцгой гавьяат нөхөд нь 9 өрлөг, дархад, цэргийн жанжид, хөлөг баатрууд байв. Тэд хаан эзний алтан амийг сахиж, төр улсыг бататгахад онц үүрэг гүйцэтгэн, хаан эзэнд зөвлөх, сануулах зэрэг бусдаас давуу эрх эдлэж байсан юм.

Чингис хаан 4 их баатар жанжинтай, тэднийгээ үнэнч сайн нохойтой зүйрлэн хамгийн чухал хэрэг, хүнд бэрх дайнд илгээдэг байв. Их Монгол улсыг байгуулахад амь бие хайрлалгүй зүтгэсэн Боорчи, Зэлмэ, Сорхан шар нарын зэрэг гавьяат хүмүүсийг дархан болгожээ. Тэдэнд соёрхол газар олгож, эзэмшил нутгаа үе улиран захирах, дайны ба ав хомрогын олзоо хэнтэй ч хуваалцахгүй өөртөө авах, алив алба татвараас бүрэн чөлөөлөгдөх, хүссэн цагтаа хаанд бараалхах, есөн удаагийн осол эндэгдлийг нь хэтрүүлэх зэрэг онцгой эрх олгов.

Монгол төрийн аюулгүй байдлыг хангах гол түшиг тулгуур нь шадар хишигтэн байжээ. Шадар хишигтэн нь хаан төрийн аюулгүй байдлыг хамгаалах, төрд үйлчлэх үүрэг гүйцэтгэн, онц чухал үед цэргийн гол хүч болдог, байлдааны байнгын бэлтгэлтэй, зэвсэгт хүчний гол цөм байлаа, Их Монгол улс 10 000 хишигтэнтэй байв.

Чингис хаан өмнөх үеэс уламжилж ирсэн мянганы зохион байгуулалтыг боловсронгуй болгож улсаа 95 мянгатад хуваав. Мянганы систем нь алба татвар татах, дайн байлдааны үед тодорхой тооны цэрэг гаргах үүрэг бүхий засаг захиргааны нэгж юм. Засаг захиргааны нэг нэгжээс нөгөө рүү дураар шилжихийг Их засаг хуулиар хатуу хоригложээ.

Байнгын армийг бий болгосон төдийгүй цэргийн бодлого боловсруулах Илдэч хэмээх газрыг байгуулжээ.

Их Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь Баруун, Зүүн, Төвийн гэсэн гурван том түмэнд хувааж, Төвийн түмнийг Наяа ноён захирч түүний мэдэлд Гурван голоор савласан төвийн нутаг хамрагджээ. Баруун түмнийг Боорчи захирч Алтай нуруу орчмын нутаг түүнд харьяалагджээ. Монголын зүүн хэсэг Хянган нуруу орчим нутаг Зүүн түмэнд харьяалагдаж Мухулайн захиргаанд байв.

Их түмэн нь дотроо хэд хэдэн бага түмэнд, бага түмэн нь мянгат, зуут, аравтад тус тус хуваагдаж байв. Тэдгээр нь байлдааны үед 10-10 000 цэрэг гаргах, тайван цагт тогтоосон хэмжээний татвар төлөх үүрэгтэй. Чингис хааны төр, захиргааны зохион байгуулалт нь нүүдэлчдийг захирах хамгийн оновчтой хэлбэр байсан юм.

Эдийн засаг


Чингис хаан төрөө төвхнүүлээд, улс тусгаар оршихын үндэс эдийн засгийг онцгой анхаарчээ. Улсын эдийн засгийн үндэс-мал аж ахуйг хөгжүүлэхийг чухалчлав. Тиймээс малаа өсгөх үндэс болсон байгаль хамгаалах асуудлыг төрийн бодлогодоо онцгойлон үзэж байлаа. Адуу нь улс орноо хамгаалах, өргөн уудам нутагт харилцаа холбоо залгуулах, нүүдлийн мал аж ахуйгаа хөтлөх, баяр наадам, ав хомрого зэрэгт чухал үүрэгтэй байжээ.

Өнчдийг тэтгэх сан байгуулж, төр улс байгуулахад тууштай зүтгэж амь эрсэдсэн баатруудын ар гэрт тэтгэлэг олгох, мөн нийгмийн доод давхрагынхныг алба татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг арга хэмжээ авчээ.

Гадаад худалдаа хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авчээ. Монголчуудын худалдаанд Алтан улс ямагт хориг саад тавьж байсан зарим үед дайн байлдаанаар асуудлыг шийдвэрлэж байв. Нүүдэлчдийн дайны нэлээд хувь нь эдийн засгийн шалтгаантай. Дундад азитай худалдаа хөгжүүлэх, Монголд худалдаа хийж буй гадаадын худалдаачдыг урамшуулан хөхүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого явуулж байсан нь үүнд онцгой анхаарч байсны илрэл юм.

Чингис болон түүнийг залгамжлагч хаад Торгоны замыг мэдэлдээ авч, аян зам, аюулгүй байдлыг нь хангахад чиглэгдсэн дорвитой цогц арга хэмжээ авчээ. Гадаад худалдаа өмнөх үеэс эрс өсөв. Монголын Их хаадаас санхүүгийн дэмжлаг авч тэдний нэрийн өмнөөс худалдаа хийдэг Дундад Азийн уртаг хэмээх худалдаачид тэр үед олширчээ.

Гадаад бодлого

 Их Монгол улсын эргэн тойронд нийгмийн хөгжлийн түвшингээр харилцан адилгүй улс орнууд олширч байв. Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад, хөрш орнуудтай эрх тэгш найрсаг харилцаа тогтоож тэднээр улсаа хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрхэмлэв.

Үүний тулд Умард Алтан улс, Тангуд, Хорезм зэрэг улс оронд элч илгээж байв. Умард Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн зөвшөөрөх нь байтугай алба өгөхийг хариу шаардав. Хорезмын шах элч, худалдаачдыг алж, эд барааг нь дээрэмдэн авчээ.

Ийм нөхцөлд асуудлыг тайван замаар шийдвэрлэх боломжгүй болов. Чингис маан 1205 онд Тангудыг анх довтолжээ. Энэ нь Тангуд, Умард Алтан улстай хүч хавсрахаас сэргийлэх, Алтан улсыг дайлах түшиц газар болгох, гадаад байдлаа бэхжүүлэх стратегийн зорилготой холбоотой. 1207, 1210 онд дахин довтолж хот сууриныг нь эзлэн, эд баялаг, тэмээ малыг нь үлэмж хэмжээгээр олзлон авчээ. Тангудыг жил бүр алба барих, аян дайнд цэрэг нийлүүлж байхыг тулган зөвшөөрүүлсэн байна.

Тангуд улсыг байлдсанаар суурин орныг байлдах анхны туршлага олжээ. Умард Алтан улс нь Монголчуудыг Хятадтай худалдаа арилжаа хийх явдлыг хаан боогдуулж, нүүдэлчдийг хооронд нь эвдрэлцүүлж нэгдэн нягтрахад нь ямагт саад болж иржээ.

1211 онд эцэг өвгөдийг гэрээсийг биелүүлж олон жилийн “өшил өшин хясал хясахаар” Чингис хаан их цэргийн хүчээр довтлон орсон нь Алтан улстай хийсэн 23 жилийн дайны эхлэл болов. Хоёр замаар их цэрэг хөдөлгөн, нэгийг нь Чингис хаан, нөгөөг нь Мухулай, Зэв нар удирджээ. Монгол цэргүүд Алтан улсын зарим мужийг эзлэн авч их хэмжээний эд баялаг олзлон аваад буцжээ.

Гэвч Алтан улс амалсан ам, хэлсэн үгэндээ хүрээгүй тул 1213, 1214 онд Чингис хаан Алтан улсад дахин их цэрэг оруулж, 1215 онд Нийслэл Жүндү /Бээжин/ хот болон зарим чухал газрыг эзлэв. 1217 оны 8 сард үлдсэн газар нутгийг эзлэх үүргийг Мухулайд даалгаж, нутагтаа буцаж ирэв.

Хорезм улсыг байлдан эзэлсэн нь
 Хорезм нь Хятад-Газар дундын тэнгис, Энэтхэг-Орос зэрэг худалдааны замын гол зангилаа газар буюу Баруун Туркестаны нутаг Аму-дарьяа мөрний адагт орших хагас суурьшмал орон. Худалдааны төв байсан учир хөгжлөөр илүү, эдийн засаг нь хүчирхэг байв.

1217 онд Хорезм улсаас Монголд худалдаа хийхээр ирсэн элчийг буцахад нь Чингис хаан Ухуна тэргүүтэй 450 хүнийг дагуулан илгээжээ. Чингис хаан Хорезмын шаханд захидал илгээж худалдаа хийлгэхээр тэднийг явуулснаа дурьдаад цаашид худалдааг хоёр талаас дэмжин явуулж байхыг хүсчээ. Худалдаачдыг Отрар хотод очиход холын дарга Иналчуг тэднийг хөнөөжээ. Чингис хаан энэ тухай сонсоод маш их хилэгнэсэн боловч 1218 онд Хорезмын шахад дахин элч илгээн буруугаа хүлээхийг шаардав. Хорезм шах элч нараас хоёрыг нь алж, нэгийг нь доромжлон буцаажээ.

Тиймээс Чингис хаан Хорезмыг дайлах шийдвэр гаргаснаар өрнө, дорнодод монголын цэрэг зэрэг байлдах болов. Алтан улсыг монголчууд эзэлсэн дуулианд итгэж ядан, Монголд хоёр ч элч илгээн лавлаж байсан Хорезмын шах тийнхүү монголчуудтай нүүр тулжээ. 1218 онд Чингис хаан Их хуралдайг хуралдуулж өөрийн эзгүйд төрийн хэргийг Отчигин ноёнд, говиос өмнөх хатан гол хүртэлхийг гүнж Алагбэхид хариуцуулав.

Хорезм улсыг байлдахдаа Чингис хаан мэргэн зөвлөгч Елюй-чу-цай, дөрвөн хүү, жанжнуудаас Боорчи, Шихихутаг, Зэв, Сүбээдэй, хатадаас Хуланг дагуулж мордов. Зарим мэдээгээр Чингис хааны цэргийн тоо 150-200 мянга орчим байсан гэдэг.

1218 онд Чингис хаан өөрийн цэргийн хүчийг зам гүүр тавих, хотын хэрэм эвдэх харвуур зэрэг оньсон хэрэгсэл, тос бүхий шатаагч вааран сум, харвах оньс зэрэг байлдааны шилдэг зэвсэг техникээр хангажээ. Чингис хаан Алтан улстай байлдахдаа шинэ зэр зэвсэг олзолсон төдийгүй, суурьшмал улс орныг дайлах арга ухаанд суралцсан нь амжилт олоход нөлөөлсөн байна.

Чингис их цэргээ хоёр хувааж элчийг нь хөнөөсөн Отрар хотыг эзлэн, Иналчукийг алж, хотыг үнэсэн торвог болгов. Чингис хааны цэргийн нөгөө хэсэг нь 1218 онд долоон мөрөн, 1219-1221 онд эртний соёлт Бухар, Самарканд, Ургенч хотыг эзлэн авчээ.

1221 онд Зэв, Сүбээдэйн удирдсан цэрэг Хорезм шах Мухамедийг мөрдөн хөөхийн хамт Азербайджан, Гүржийг эзлэв. Шемиха хотыг эзлээд умард Кавказын уулсыг давж тэндээс Крым хүрч Судакийг авав. 1223 онд Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохив.

Тийнхүү Чингис хааны их цэрэг олон улс, хот, асар уудам газар нутгийг эзлэн авч Монголын эзэнт гүрний үндсийг тавив.

Тангудыг эзэлсэн нь
1225 оны эхээр Чингис хаан цэргээ аван эх нутагтаа буцаж иржээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай:
• Алтан улсыг дайлж Мухулай жанжин нас барсан.
• Алтан улсын зарим хот монголчуудын эсрэг боссон.
• Тангууд улс хүчин хавсраагүй, харин эсрэг зогссон.

Чингис хаан богино хугацаанд 100 000 цэрэгтэй, мөн оны намар Тангуд руу хөдөлжээ. Чингис хаан Тангудад элч довтолгон, бид Сартуулыг дайлахдаа чамайг баруун гар болж морд гэхэд чи хэлсэндээ хүрсэнгүй үгээр дайрсан билээ. Бид Сартуулыг эрхэндээ оруулаад ирлээ. Одоо чамтай дайтна хэмээн мэдэгдэж дайн зарлажээ.

1226 оны хаврын тэргүүн сард цэргээ 2 хуваан Зүүн гарыг Чингис хаан өөрөө удирдан Силян хотод хүрэв. Силян нь Тангудын нийслэлийн дараа орох хоёр дахь том хот, Худалдааны чухал төв төдийгүй Төвдийн өндөрлөгт нэвтрэн орох байлдааны чухал түшиц газар байв. Силян хот байлдалгүйгээр бууж өгчээ.

Баруун нарын цэрэг нь Түрэмгий балгасыг эзлэн авч 1227 оны 1 сард Яргай хотод төхөж очив. Гол хүч нь Түрэмгий балгасанд нэгэнд цохигдсон, нийслэлээ бага хүчээр хамгаалж байсан тул Тангуд улс ялагдав.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
ganaa (зочин)

hvvhdvvdiin hicheeld holbootoi bas shalgaltiin materaaliig tabij baimaar bainaa

хонгор (зочин)

энэ чинь 8 дугаар ангийн номыг хуулаад бичцийн бишүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)